Tuesday, February 28, 2012

афоризм 21


Музей үзсэн тэмдэглэл
Өнөөдөр 2011,5.1 өдөр буюу бүтэн сайн өдөр юм. Ээж маань хөдөөнөөс ирээд нэлээн хэд хонож байна. Миний хувьд оюутан болж орж ирсэн маань саяхан мэт боловч бараг л 1р курсээ төгсөхнээ. Шинэ сарын эхний өдөр учраас ёс болсон зүйлээ уншиж сэтгэлээ сэргээсэн.Энэ маань 10 жилээс уншдаг байсан зүйл юм. Өнөөдөр ээжтэй хамт зайсан гараад хотын байдлыг өндөрлөг дээрээс харахад сайхан байлаа. Тэндээсээ музей үзэхээр шийдэж Туул голын хөвөөндөх Богд хааны ногоон ордонг үзэхэд үнэхээр сэтгэл сэргэм сайхан байсан ба түүнийхээ талаар товчхон бичье.....

Богд гэдэг үг бол Будда гэсэн утга бүхий Монголчуудын дунд ариун дээд шүтээн болсон хүн, эсвэл өндөр дээд шүтлэгт уул хайрханыг нэрлэхэд хэрэглэдэг үг юм байна.
 Тиймээс Богд гэдэг үгийг Бурхан гэж ухан ойлгох болж, улмаар богд хүн, богд сургаал, богд лам, богд уул гэсэн нэрс үүсэн бий болсон түүхтэй..
Туул голын хөвөөнд ногоонордны уран барилгын цогцолбор-Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн
бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн барьж 1906 дуусгажээ. Богд хааны ногоон ордонг 1926 оноос эхлэн музей болгосон байна.
Оросын 3-р Николай хаанаас 8-р Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр
1905 онд өвлийн Ордон хэмээх европ маягийн хоёр давхар цагаан байшинг
барьжээ. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил
амьдарчээ. Одоо уг байшинд Богд хаан , хатан Дондогдулам нарын эдэлж
хэрэглэж байсан хувцас , хааны титэм малгай , хатны гоёлын хэрэглэл , хаан ,хатны сэнтий , ор , гадаад улсуудаас бэлэглэсэн амьтны чихмэл ,зэрэг олон зүйл байдаг.
Эхлээд зуны ордонг нь үзлээ. Маш гоё дээр үеийн дүрслэл нүдэнд харагдаж, тэр үед очсон мэт санагдаж байлаа. Уран хийцтэй сийлбэр, маш сайхан зээгт наамал бурханууд мөн алтаар бүрсэн цутгамал бурханууд байлаа. Өвлийн ордонд ороход Богд хааны түүний хатан Дондогдуламын өмсөж байсан хувцасууд хэрэглэж байсан нэлээн олон зүйл байсан юм. Музейд байсан хувцаснууд нь дандаа үнэт эдлэл байлаа. Шүрээр наасан торгон дээл, оюу эрдэнээр хийсэн дээл, алт, оюу шигтгээтэй малгай. Угалзтай чамин хээтэй монгол гутал гэх мэт үнэт зүйлс байсан юм. Богд түүний хатны унтлагын ор нэлээд сонирхолтой байв. Орны дээд талд хатны мөнгөн рамтай толь байсан ба түүнд өөрийгөө харсандаа баяртай байна. Ээж саяхан түүхийн музей үзсэн гэсэн тэгээд гоё байсан гэж ярьж байсан юм. Би ч өмнө нь түүхийн музей үзсэн гэвч Богдын музей нь надаа илүү таалагдлаа. Музейд Америк тивийн шувууд, Африк тивийн шувууд, Өмнөд америкийн шувууд, арслан, заан, далайн хав, мич, бар,гахай, шилүүс,хуягт зараа, яст мэлхий,дун, гүрвэл, могой, зэрэг маш олон амьтны чихмэл байсан ба үүнийг Богд хааны захиалгаар Германы Гамбург хотод 1901 онд хийлгэсэн гэнэ. Мөн өөр нэг сонин зүйл гэвэл 150 ирвэсний арьсаар хийсэн гэр байсан ба түүнийг Богд хаанд нэгэн хүн 25 нас хүрэхэд нь өгсөн гэнэ.
Богд хааны олбог нь 25 давхар байсан ба тэр нь манжийн хаанаас 25 удаа шагнуулсныг гэрчилдэг гэнэ. Хаан суудлаадаа гарахдаа жижиг шатаар дамжиж гардаг байсан байна.

Жаргал зовлон
Хатмал цөлд явхад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай

Ингэхэд ер нь жаргал гэж
Илэхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу

Үгүй ээ, үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд/Үндсэнд/ тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдгүй
Ургамалд дуу байдгүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгал
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдгүй гэнэ...


Амтатны сайхныг идэж
Өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй
Амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч
Хувьдаа буйдхан тэнэж явхыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явхыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл хүн тоохгүй унаатай
Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй
Амиан борлуулж суухыг
Алд биений жаргал
Арчаа байхгүй зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явхыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ

Гэтэл
Халагдхаасаа өөр сэтэргүй
Хавийхныгаа айлгах сэнтэггүй
Хар гэртээ хааи
Бор гэртээ богд байхыг
Хал балгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ

Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтхийг
Зарим хүн ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгаж зовлон ч гэнэ

Гэтэл
Амьдрал мэдэхгүй багчуудыг
Амаргаа болгож аваад
Ноолуулж эрхлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ

Ай, Элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах сансандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй

Айдаа, Хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдгийм болоо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай

Энэ үеийн бидэнд уух ус, идэх талх шиг
Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг
Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь
Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай

Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусан төрсийм
Унахдаа дуулж төрөөгүй ээ
Уйлж төрсийм
Өргөс ихтэй энэ хорвоог
Өөрөө ч мэдэлгүй зовлонд тооцном тэр
Ой мод шиг зовлон дундаас
Гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардгийм
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?

Үгүй ээ!, Барагдах нь байтугай багссангүй
Үндсий нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт зовлонгоо ургуулж үржүүлж
Бие биендээ тараасаар байнам
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрсөн хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй чихэвчтэй малгай заохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун нэрэлхэж гангалж
Бариу гутал өмсөөл хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хотуут өнжүүд огиж бөөлжөөд
Хоосон хохийн шартхын зовлон эдлэнэ
Унд хоол байсаар байтал тамхины утаа залиглаж
Бохь зажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино
Хүсч өөрий нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй ээ гэж
Элдвээр харааж зүхэж үлддэг
Тэрүүнийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст тэрнийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог

Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилож цамнадаг
Өөрсөндөө эцэст амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрэндээ үе удмаараа харгислуулаж

Гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
Хөрөнгө хогшил нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ!
Хүсэл чинэ их ухаан чинэ урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос болж
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөн
Эртнээс эдүгээг хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ.
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн зовсоор та нар байх юмуу
ЗАЛУУ НАС
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину.

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Yрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэл хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь

Даанч чи минь удсангүй…
Даавуу хүрэм савхин бээлий шигээ
Дассан сурсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ – залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг өссөн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.


Аавын хүүгийн шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Yзсэнээ мартаж дуулснаа тогтоохгүй
Yүрдийн юм шиг дургиж явахдаа
Yймээнт хорвоогоос дахиад олдошгүй
Yнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ
Халуунаас халуухан залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юмсанжээ.

Аяа хөөрхий хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юмуу даа.

Бусдын лангуунд энэхүү шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойноо залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.


Баяртай, залуу зандан нас минь
Барилдсан гэж бодвол би ойчжээ
Уралдсан гэж үзвэл би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг өгч
Алдар шүлэг хоёрыг чинь авчээ.


Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!
Уур минь хүрч байна
Санаанаас гарамгүй есөн жил минь чи
       Сахалт Чойномыгоо битгий мартаарай
Үхсэн хүнд нэхэж олгодог
Үнэгүй алдар, үнэгүй магтаал хэрэггүй
Үнэн хэрэгтэй
Цэцнүүдийн дунд тэнэг явахад
Цэнгэл жаргал элбэг олдох юм
Тэнэгүүдийн дунд цэцэн байхад
Тэрнээс илүү зовлон алга даа
Яаж ч болохгүй залхуу энэ орчлонд
Яарахаа мэдсэн юм бол яах гэж би эрт төрөө вэ?
Сэргэлэн цовоо явахад хад чулуу хүртэл дуулна
Сэтгэл эмзэглээд ирэхээр гитар хүртэл уйлна
Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана
Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугтаана
Зугаалж цэнгэж явахад зуун түмэн нөхөдтэй байлаа
Зуурдын зовлонд унахад зуух олон ноходтой болох юм
Уурлаж байна би уурлаж байна
Унаган насаа ахих бүр
Улсын мунхагыг ажих бүр
Уур минь аяндаа асаж байна
Эхээс би уургүй төрсөн
Эр биеийг үзтэл уургүй явсан
Эгэл гүн ухаантныг ойлготлоо уургүй явсан
Эцэст нь уурын тулам боллоо
Уурыг би эцэг дээдсээсээ аваагүй
Урлаггүй эхнэр Эрдэмаагаас аваагүй
Улаан цэргийн муйхар Чпайяаваас ч аваагүй
Уур минь аяандаа үүсэн гарлаа
Хадсан өвс дарагдаж ялзраад
Халуун дундаасаа түймэр гардаг
Хамаг ард та нартаа
Бие хайргүй хураасан
Хадлангын минь дээрээс дараад шатаалаа
Овоолсон нүүрс нар бол өөрөө шатна
Олон түмэн эх ороноо дулаацуулах гэж
Олж хураасан нүүрсэнд ус хийгээд шатаалаа
уур минь шатаж байна
Улаан тугаас үнэтэй амь
Улаан зүрх минь шатаж
Уужим дэлхийд би шатаж байна
Нэг даваанд өссөн нэг чацуут минь
Нэг тогоонд хоололсон ахан дүүс
Нэг зовлон үүрсэн ард түмэн
Нэг насандаа итгэсэн төр засаг
Алтыг ялгаж эгэл хүнийг үнэлэх
Асгаруулсан цусаараа ядуу ард байгуулсан
Атомын энэ зууныг хэн хүн мэднэм
Адгийн томьёог нь ч мэдэхгүйд уур минь хүрнэ
Түрүүчийн ташуур барьсан засгийг түлхэн унагаагаад
Түүний оронд хурдан буу барьж өндийсөн засаг
Түүх ёс төр шударга ухаан бүхнийг түлхэн унагаад
Хүнийг мал мэт болгож байна 
Эх орны минь дархан алдрыг гутааж
Эрдэмгүй тэнэгүүдийг Европоор тарааж
Эсэн бусын ховч доншуулчдыг урьж авчраад
Өөрсдөө мал мэт сажиллаж явна
Эрийгээ үхсний маргааш өөр хүнтэй банзалдсан
Эмийн шинжтэй манай төр
Эртнийхээ төр Чингисийнхээ нэрийг дурсахаар
Эмээж оросын өлмийг долоож байна
Өвөг Чингист зантай Оросуудыг хүндэлж
Өүлэн эхийн угсаат мань мэтийг хавчиж
Өөрийн тэжээвэр нохойг ад үзэж хөөж
Өлөн хөх чоноор хонио мануулж байна
Үхэр халх угсаа тэнэг удамтайч
Үүнээс тэнэг явсан минь чулуун зэвсгийн үед ч үгүй
Үүнийг мэдээд дөрвөн ойрдийн эсрэг
Үе улиртал цус асган тэмцсэн
Хаан ширээрүү 500 жил гэтээд
Хатан мандухайд тархиа хага харвуулаад
Хувиа бодож суусан 4 ойрдын үлдэгдэл
Хувьсгалын далимаар эзэн ширээнд суусан юм
Таванзуун жилийнхээ өшөө хонзонг тайлж
Тал нутгийн минь дээр доромжлол тарьж байна 
Тарьсан тэр хэргийг илэрч мэдэгдхээс нааш
Та бүгдийг жигдхэн эрдэмгүй бүдүүлэг өсгөж байна
Ядуу амьдралын чинь зулай дээр
Өстөн ингэж суугаад ярганы мэс үсэнд чинь
Билүүдэж байхад ялалтын зэвсгээс зугтаж
Инээж суухыг чинь хараад яаж би инээлцэх билээ
Уур минь хүрч байна
Уур минь зүрхийг минь түлэхээс биш алдрыг минь түлэхгүй ээ
Уур минь шартай толгой минь тэдний цаазанд өнхрөвч
уур Хорсол минь Монгол нутаг дээрээ үлдэнэ
Сүр хүчний энэ уур минь үлдээд зогсохгүй дүрэлзэнэ
Сүлд болсон төрийг ардтайгаа хүн шиг ярьтал нь дүрэлзэнэ
Сүүлчийн ширээнээс хөөгдтөл нь дүрэлзэнэ
Хичнээн дуугүй нам гүм суулаа ч тэнэг бүдүүлэг хүн мэргэн болдоггүй. Харин дэнсэлж буй мэт мууг гээж сайныг шилэн буй хүн мэргэн болой. Авах гээхийг ялгаж буй хүн мэргэн болно.

313
Хэрвээ ямар нэгэн юм хийгдэх ёстой юм бол хүн түүнийг хатуу шийдэмгий хийгтүн. Түүн рүү цог зальтай дайрч хий. Тамирдаж сульдсан хүн зөвхөн тоос шороо босгохоос цаашгүй болдог.

320
Тулалдаанд ороод сумаар сийчүүлсэн заан шиг ямар ч доромжлолыг би чимээгүй тэсвэрлэж даана. Ертөнц эмгэг шинжтэй байдаг.

380
Өөрөө өөртөө хаан байдаг. Хүн өөрөө өөртөө авралын орон нь болдог. Аврал өөрт буй. Тиймээс худалдаачин хүлгээ хямгаддаг шиг биесээ хяна.

Одоогийн байдалдаа сэтгэл хангалуун хүн ирээдүйн тухай бодож шаналдаггүй.

Хэрвээ мэдрэмж үнэн байхгүй бол, бидний бүхий л оюун ухаан худал хуурмаг болчихно.

Алдар гавьяа аюулаар цангадаг.

Гуниг цөхрөл өөрийнхөөрөө оршдоггүй, харин бидний төсөөлөлд л байдаг юмаа гэдэг нь тодорхой байна.

Хувь заяа бол шил, гялалзаж байгаад л хагардаг.

Хөрөнгө хураачихаад гачигдаж явна гэдэг гуйланчлалын хамгийн дарамттай хэлбэр юм.

Шунахай биш байна гэдэг баялаг юм. Харамч биш байна гэдэг өөрөө орлого юм.

Өдөр бүрийг чи сүүлчийнх гэж бодож бай
тэгвэл таагүй цаг ч догдлом сайхан санагдана.

Юм бүхэнд гаргуун хөтөч бол дадал зуршил.

Сайн сайханд тэмүүлэх нь хэмжээнээсээ хэтэрчих юм бол, ухаантныг солиотой, шударга хүнийг шударга бус харагдуулдаг.

Савнаас унасан хөлдүү дарс тэр л хэлбэрээ хадгалдаг. Түүнийг балгаж уудаггүй, жижиглэн хагачдаг.

Ганцаар байхдаа чи өөртөө бусдыг орло. Өөрөөсөө айдаг хүн тийм ч цөөн биш.

Үүнийг мэддэгийг чинь өөр хэн нэгэн мэдэхгүй л бол, чиний мэдлэг боловсрол үнэ цэнэгүй болчихно гэж үү?

Өвгөн минь чи өрөөл бусдын чихийг л баясгах гэж өөртөө түвэг удаад буй юм биш биз?

Хүн хүнээсээ хичнээн ч өөр байдаг юм бэ дээ!

Боолчлол цөөхөн хүнийг оосорлодог, ихэнхидээ хүмүүс өөрсдөө л боолын таягнаас зууралддаг.

Хаана зогсох ёстойгоо яг таг мэдэж байгаагүй тул бүр ч илүү таашаал амсах боломжоо олж хараагүй нь ер гайхалтай хэрэг биш.

Намайг чи ямар ч үнэргүй гээд шоолж байна. Харин би гоё үнэр ханхлуулахаас огт үнэргүй байхыг илүүд үзнэ.

Судас нь ямагт өчигдрийнхөө дарсаар исч шуугиж явдаг.

Ухаантай хүн сайн үйлс дээр ч өөрийгөө хязгаарладаг.
Монгол ардын сургаалт үгс бүхий нэгэн бяцхан ном уншив. Та бидэнд дор тэрлэсэн үгс цаг ямагт хань нөхөр, чийдэн лааны үүрэг гүйцэтгэх болно хэмээн итгэж шивлээ.

Цээжний дотор гал бадравч
Утааг нь хамраараа бүү гарга

Эрдмийн дээд эв
Эрхмийн дээд эх

Ойр зуурын жаргалд ташуураад
Алс хэтээ үл бодогч хүн нь
Алахын тул бордсон гахай
Ажиггүй хэвтэхтэй адил

Үнэнд ижилдвээс цэцэн болно
Илдэнд ижилдвээс баатар болно

Анханд болгоомжлон бод
Дунд нь шинжлэн оноо
Эцэст нь зохилдуулан тавь

Эрт бос, орой унт

Өр хадгалсан үгүйрдэг
Өвчин хадгалсан үхдэг

Сайн хүний үг
Сарын хүнс
Муу хүний үг
Тэр өдрийн тээр

Сайн эр урдаа шархтай
Муу эр хойноо шархтай

Сайнтай бүү мэлз
Муутай бүү болз

Санаа муут дотроосоо
Сав муут ёроолоосоо

Толь шиг царайлгаас
Тунгалаг сэтгэл дээр

Тэмээ хүрэхгүй өвсийг
Ямаа идэх гэж дурлах

Ургамлын сүр цэцэгтээ
Улсын сүр цэрэгтээ

Урт мөрөн нугалаа олонтой
Уран хүн арга олонтой

Үйлгүй хүүхэн дууламхай
Сүүгүй үнээ мөөрөмхий

Үнэг үсэндээ үхнэ
Хүн үгэндээ үхнэ

Үнэн явбал үс цайна
Худал явбал яс цайна

Хаврын тэнгэр хартай
Хайш хэрэг хортой

Хайнгуут үйлчний
Ханзлах нь олон
Хайнга хүний асуух нь олон

Хамуутай мал ижлээ бардаг
Хар санаа ханиа бардаг

Цэцэнд хоёр чих цөөдөх
Тэнэгт ганц хэл олдох

Шилсэн юм шилд гарах
Голсон юм голд орох

Шинжлэлгүй бүү сэтгэ
Сэрэмжгүй бүү зүтгэ

Инээсэн бүхнийг нөхөрт бүү тооц
Элгэн садан хэмээн итгэлтэй үгээ бүү өгүүл
Хөгжүүлэв хэмээн хөөрөх сэтгэлийг бүү оруул
Хөнөөлтэй хэмээн дайсанд бүү өшөөл

Аавын бийд хүнтэй танилц
Агтны бийд газар үз

Ажил хийж хүн болдог
Ар давж хүлэг болдог

Айвал бүү хий
Хийвэл бүү ай

Арчилбал эдэнд тустай
Арвилбал эзэнд тустай

Барж идэхээр
Мэрж ид

Биеэ мэдвэл хүн
Бэлчээрээ мэдвэл мал

Гахайн хоншоор газар эвдэнэ
Хүний хоншоор хэрэг эвдэнэ

Гэрт суусан цэцнээс
Хэсэж явсан тэнэг дээр

Далай ч гэсэн давсаар дутдаг
Дагина ч гэсэн эрээр дутдаг

Зуун хүний зүс үзэхээр
Нэг хүний нэр тогтоо

Зээлийн үгээр цэцэн болдоггүй
Жасын малаар баян болдоггүй

Наймаалж олсон мөнгө
Найман хөлтэй

Ойрдоо мөргөлдөнө
Холдоо мөөрөлдөнө

Олон санаат оргож чадахгүй

Өнгө хөөсөн хүн саламтгай
Өвс хөөсөн мал эцэмтгий

Хагацашгүй хань нөхөрт
Марташгүй муу үг бүү хэл (Оюунтүлхүүр сургаалаас)

Цувж явсан барсаас
Цуглаж суусан шаазгай дээр

Тугалган жад шантрах нь хурдан
Туйлбаргүй хүн урваж буцах нь олон (Данзанравжаа)

Олны дотор үгээ шинж
Ганцаар явахад сэтгэлээ шинж (Данзанравжаа)

Харь газарт битгий нэрэлх
Халуун зуураа битгий эрэлх

Нялх ногоонд хур хэрэгтэй
Нялх хүүхдэд сургаал хэрэгтэй

Зарим хэрэгт өвс мэт доош дарагдаж байвал зохино
Зарим хэрэгт гал мэт дээш бадран байвал зохино
Зарим хэрэгт зарц мэт хүчлэн зүтгэж байвал зохино
Зарим хэрэгт уул мэт бат сууж байвал зохино

No comments: