Tuesday, February 28, 2012

афоризм 25

Ээждээ
Удмын хэлхээнд намайг уясан, учгийн цагаан эх мод минь, их илч минь...
Мянган онд, зүүний үзүүр дээр, бурхны шидсэн арвай тогтох бүрийд, төрөл тутамд минь ангир уургаа амлуулсан сүүн хайлан, сайхан сэтгэл, зөөлөн аяст сэтгэлийн ижий тандаа түмэн эхийн сэтгэлийн наран мандсан хорвоогийн хосгүй сайхан өдрийн мэндийг хүргэн мэндчилж байгаадаа туйлын таатай байна.
Учирч золгож, урьд төрөлдөө ч хормойг тань норгосон хүү нь тандаа анх удаа захидал бичлээ. Сэтгэлээ уярааж бичлээ.
Миний бүхий л сайхан дурсамж, бодрол, уярал бүхэн тантай минь холбоотой. Инэгээд л бодохоор “БИ” гэдэг хүний бие танаасаа элтэрч, ухаан минь танаасаа ундарч, урсаж ээ, ээжээ...
...Балчирхан насандаа, харанхуй ноёлж, одод бүдэрсэн шөнөөр таныхаа энгэрт шигдэж унтахдаа л би хадны мангааг хүлээж, тэнгэрт биш шөнийн аниргүй дэлхийд намайг эрхлүүлсэн “наран” байдгыг мэдэрсэндээ. Үрээ гэсэн таны минь сэтгэл наран шиг гэгээлэг, дулаахан. Хачин их нөмөр нөөлөгтэй.
Ухаан орж, хүн санаа суугаад нүдний өмнөх зөв замаа олж ядан бурууд бүдрэхэд “энэрэхүйн бурхан ижий минь” та түмэн нугачаат замын зөвийг зөөллөн заасан өдрийн цагаан аяст саран гэдгийг хүү нь мэдэрсээн.
Таны минь хатуу газрын тарни шивнэн, зүүдэндээ хүртэл ерөөл хайрлах нинжин сэтгэл миний унасан газрын чулууг зөөллөн, ухаарал хайрладаг боловч хүү нь тантайгаа мөнхөд хамт байхгүйгээ мэдрэх бүрийдээ гунигладаг юм. Бага байхдаа л энэ айдсыг мэдэрсэн, тэгээд хачин их бодсон, харуусал зүрхэнд минь мөнхийн хар тамга дарж үлдээсэн. Тиймдээ ч, хүү нь, тандаа дэгдүү их хайртай ч нэг их эрхэлж, нялхамсаад байдаггүй юм.
Таны минь хайр гэрэлтсэн нүдэнд, унтаа салхинаа хонгор сэвлэг нь аясрах нялх үр чинь авч нэг л өдөр хүү нь эрмэг бүргэд болоод үүрнээсээ нисээд явчихна.
Тэгээд унтсан ч үрээ хэмээн зүүдлэн сэрэх эхийн сэтгэл, ээж таны минь сэтгэл бага шаналаасай гэсэндээ дэндүү, бүр дэндүү их хайртайдаа, тандаа эрхэлж нялхарч зүрхэлдэггүй юмаа, ээжээ.
Хааяахан таныхаа хацар бус сэтгэл алгадам сургаал мэлмэрсэн үгэнд ширвүүлчхээд годхийх нусаа шор хийтэл татан зогсож байхдаа л надад хавар эртийн яргуй бороонд цохиолсан мэт тийм гэхийн аргагүй аз жаргал, ухаарал, “би ижийтэй хүн” хэмээсэн аминчхан бахархал төрдөг юм. Энэ л үед амьдралын шуурганд өөрөөсөө жаахан уулаар нөмөрдөж, нөмөрт нь хоргодож болдог юм байна гэсэн бодрол өөрийн эрхгүй төрдөг. Таны минь сэтгэл, хүүд нь нутгийн уулсаас илүү түшигтэй, нөмөр нөөлөг, халуун илчтэй санагддаг юм. Гэхдээ үргэлж тэгж санагддаггүй нуух юун. Харин сэтгэл гундуу, ходоод хонхолзсон үедээ таныхаа сэтгэлийн илчийг санагалздаг болохоороо хүү нь, бурханы өмнө гэмтэй билээ.
Гутарсан үед, миний чихнээ уянгалах, бүүвэйн дууг аялах таны минь хоолой ятгын эгшиг шиг эгшиглээд харанхуй, хүйтэн орчиноо дагаад хөлдчихсөн сэтгэлийн гүний хайруу мөсийг хайлуулж уянгалах ньь эхийнхээ үгэнд ороогүй сарны бүжинг ч уяраам оддын аялгуу байдаг...
Таны минь үс, мичид унтсан шөнийн гол мэт сайхан билээ.
Гэтэл саяхан хархан үсэнд чинь өнчин цагаан хяруу унасныг хараад хүүг нь хачин их гунигийн сүүдэр дайрч, тэнгэрээс хар цасан орсон мэт сэтгэл минь дэнслэн, гэгэлзэж билээ. Цаг хугацаанаас айх шиг ч боллоо.
Тэр үл анзаарагдам өнчин цагаан үс надад үл мэдэгдэх шивнээг шивнэх хүртэл таныгаа мөнх амьдрах юм шиг санаж явж дээ... Тэнэгхэн үр нь.
Та минь их уяхан хүн гэдгээ мэддэг үү. Өөрөө өөрийгөө анзааралгүй, хэн нэгэнд тусалж чадсангүй гэж өөрийгөө чамлаж явдагаас бус та минь ихээс их уяхан хүн.
Хүний үрийн төлөө, төрүүлсэн эхийнх нь сэтгэлээр байнга санаа зовох таныгаа харахад хэцүү л байдаг. Өөртөө бус бусдад санаа зовох бүрийд хүү нь таныг харамладаг. Тэр зовлонгоос өмгөөлмөөр санагддаг.
Гэхдээ ижийн минь зовлон жаргалтай зовлон. Зөвхөн эх хүн л ойлгож мэдрэх зөөлөн гуниг, буйд уянга юм билээ.
Өөрийнх нь үрээс ялгаагүй бусдын үр хазгай гишгэхэд нулимс нь сормуусаа давж урсдаг миний л ээж...
Надад буй сайн сайхан бүхний эх болсон ижий таныхаа сэтгэлийг зовоохгүй, ачийг хариулж, сайхан амьдарна гэж хүү нь тандаа амлахгүй ч...
Харин хог, буртаг нь дээш хөвж, сувд эрдэнэ нь ёроолд нь тунах далай адил амьдралд сайн явнаа, хүү нь.
Ээжээ хүү нь танаасаа унаж ургасан уул уулын хэлхээ, удам судрын дэлбээ.
Хэлж зүрхэлдэггүй хэдэн үгээ зориг гаргаж хэлье.
Төрөл бүрд минь төрүүлж, өсгөсөн ижийдээ хүү нь хайртай....

     


                      Хагас семистрын улс төрийн ерөнхий онолын хичээл
2010,12,21 ны өдөр цаг 11,10 болж байв. УТ ийн ерөнхий онол хичээлийг Өлзийсайхан багш орсон юм. Хагас семистр орсон ч бас л их дурсамжтай сайхан байсан юм. Хичээл дуусаж дүн гаргах болоход улс төрийн 2 анги нийлэн орсон байв. Багш орж ирснээ та нараас нэг хүүхдэд шалгалт дээр нь 10 оноо нэмж өгнө гэж хэлэв. Тэгснээ та нар хэнийг гэж бодож байна гэж 2 ангийнхнаас санал асуулаа. Хүүхдүүд янз бүрийн санал хэлсэн ч манай ангийн Цоомоо намайг гэсэн санал дэвшүүлж байсан юм. Гэтэл багш би орж ирэхдээ хэнд 10 оноогоо өгөхөө шийдээд орж ирсэн гэснээ надаа 10 оноо нэмж өгнө гэдэг юм байна. Багшийг тэгж хэлэхэд их баярласан. Багш миний дэвтрийг 2 ангийнхад үзүүлэн их гоё бичдэг, нямбай, хичээлд идэвхитэй оролцдог, гэх мэт сайхан үгээр урам оруулан магтсан юм. 2 ангийн 70 хүүхдээс онцолж надад нэмэлт оноо өгсөнд их баярлаж байсан, үүний цаана гавъяатай хүмүүс их бий. Миний ээж хамгийн түрүүнд 1-рт ээждээ баярласан, Бурмаа багш маань бид нарын уран зохиолын хичээлийг дармалаар бичүүлж сургасан байсан, тэр их хэрэг болсон. Би хичээлээ байнга дармалаар цэвэр бичиж гол зүйлээ тодруулагчаар тодруулдаг байсан юм. 10 жилд байхдаа миний дэвтэр цэвэр сайхан бичигтэй дэвтрээр шалгарч шагнуулж байсан. Харин Бурмаа багш бид нарт та нар дармалаар бичиж сураарай оюутан болохоор хэрэг болно гэж захидаг байсан. Энэ захиас бас надад хэрэг болсонд их баяртай байдаг. Ангийн олон нөхөд маань ч гэсэн миний бичгийг гоё гээд хэрэв ангийн булан гэж хийдэг бол надаар бичүүлээд хэдүүлээ гараар хийнэ гэж байсан юм байна. Оюутан үеийн маань нэг жил дурсамжтай зүйл зөндөө байлаа. Урлагийн үзлэг болж манайхан ангиараа орно гэж байтал манайхан гэнэт орохоо болиод би орж байлаа. Намайгаа дурсаарай гэдэг дуугаар оролцож 15 онооноос 14 оноо авсан ч түрүүлсэн хүүхэд урлагийн их наадамд ордог гэсэн дүрмээр би байр эзлэж чадаагүй юм. Мөн эрдэм шинжилгээний бага хуралд орсон минь миний хувьд их дурсамжтай зүйл байлаа. Би үндэсний үзэл гэсэн сэдвээр илтгэлээ бичиж уншсан юм. ЭШХ орсноороо би олон зүйлийг мэдэж чадсан ба хүний хөгжил гэсэн номоор шагнуулсандаа баяртай байна.  
                      
                                         10 ЖИЛДЭЭ БИ
Би 2р ангиасаа урлагийн үзлэгт орж эхэлсэн юм. Тэр үеэс хойш нэлээн олон тоглолтонд оролцсон байна. Би шинэ жилийн тоглолтонд ороод  бэлэг авдаг байлаа. Ер нь жил алгасалгүй шинэ жилийн тоглолтонд орсон юм. Намайг 5р анги төгсөх жил сургуулийн  70 жилийн ой болж хөдөө багаар тоглолтонд явах болдог юм байна. Тоглолтонд явахад бас зүгээр яваагүй өдрийн 5000 төгрөг өгөх ёстой байсын байналээ. Гэртээ ирэхэд Захирал багш надаа мөнгө өгч байсан юм. Ингэж тоглолтоор явж байхад бид нарын явж байсан машин эвдрээд жолооч Чумбаа ах төв ороод ирснээ төвд айхтар үер орсон байна гэж ярьсан юм. Энэ үгийг сонссон миний хувьд дотроо их айсан. Урд жил нь үер ороод айл хүртэл урсаж байсан болохоор үерийн уснаас их айж байсан ба манайх гэдэг айл тэр үед малтай яг айхтар үер ордог газар гэрээ барьсан байсан. Би санаа зовохдоо Бурмаа багшаас манай гэр зүгээр байгаа гэж асуусан юм. Ингэхэд багш маань надад зүгээрээ яагаачгүй гээд нэг сайхан тайвшруулж байсан санагддаг юм. Үүнээс хойш 4 жилийн дараа надад багш тэр үед ярьж байсан яриаг дурсан хэлсэн юм. Багш намайг их гэр амьтай гэж ээжид маань хэлсэн байсан юм. Миний асуусан асуулт багшид маань их тод санагдсан байсан юм билээ. Магадгүй тэр үеэс хойш багш намайг их дэмжиж миний уг чанарыг ойлгосон байх гэж одоо би боддог. Монгол хэл уран зохиолын хичээлээ Бурмаа багшаар заалгаж байсан маань минийх хувьд их аз байжээ. Багшийн заасан зүйл ганцхан хичээлээр тогтохгүй л дээ . Ер нь бидэнд амьдралын хичээлийг давхар орж байсан шүү. Багшийн хэлж сургасан олон санаа надад их хэрэг болж байна. Цаашид насан туршид хэрэг болно. Зарим үед бид нарт хэлсэн сургамжийг би хичээлийн дэвтэртээ ч хамаагүй бичээд л авдаг байсан. Багш хүнийг лаатай зүйрлэлтэй бусдыг гэрэлтүүлэхийн тулд өөрийгөө зориулдаг хүмүүс байдаг гэж афоризмд би итгэдэг. Мөн манай хөгжмийн багш их сайн хүн Уртнасан багш болон Лхамсүрэн эгч маань надад ихийг сургасан юм. Урлагт дуртай болж тоглолтонд оролцож байсан үе надад их нөлөөлсөн юм. Хүн л болсон хойно алдаа гаргах нь цөөнгүй . Би одоо өөрийн алдаанаасаа ярих гэж байна. Дунд ангид ороод тамхинд орson юм. Тамхи ямар муухай гэдгийг ойлгоогүй явсан үе. Харин жаахан ухаан сууж дахиж татахаа больсон маань их зөв ухаарсны хэрэг байсан. Одоо нэгэнт ухаарсан учир дахиж татна гэж үгүй. Харин архи бол бараг амсаагүй юм. Сургуулиа төгсөж дараагийн шатны сургуульд орсон минь их чухал байсан. Одоо миний уг чанар ер нь өөртөө хэрэгтэй юу л байна түүнээс аль болох суралцахыг эрмэлзэх түүнээс хүртэхийг илүүд үзэх болсон. 

No comments: